Орчуулга
АНУ-ЫН ДҮҮРГИЙН ШҮҮХ
НЬЮ-ЙОРКИЙН ӨМНӨД ДҮҮРЭГ
BEIJING SHOUGANG MINING INVESTMENT
COMPANY LTD., CHINA HEILONGJIANG
INTERNATIONAL ECONOMIC & TECHNICAL
COOPERATIVE CORP., болон QINHUANGDAOSHI
QINLONG INTERNATIONAL INDUSTRIAL CO. LTD.,
Хүсэлт гаргагчид,
– эсрэг –
МОНГОЛ УЛС,
Хариуцагч.
ШҮҮХИЙН ҮНДЭСЛЭЛ
БОЛОН ЗАХИРАМЖ
17 Civ. 7436 (ER)
РАМОС, дүүргийн шүүгч:
Хүсэлт гаргагч Хятадын гурван компани болон хариуцагч Монгол Улс үнэ цэнтэй уул уурхайн тусгай зөвшөөрлийн эрхийг хэн эзэмших талаар арав гаруй жил маргалджээ. Энэ ажиллагаа Монголын шүүхийн тогтолцооноос эхэлж, тус улсын Дээд шүүхэд хүрэн, улмаар Нью-Йорк дахь арбитрын бүрэлдэхүүнд шилжсэн бөгөөд одоогоор энд, Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Хятадын компаниуд талуудын хоорондын маргааныг арбитраар шийдвэрлэж болохгүй гэсэн арбитрын бүрэлдэхүүний шийдвэрт de novo буюу бие даасан шинэчилсэн хяналт хийж, уг шийдвэрийг хүчингүй болгон, маргааны үндсэн асуудлыг шийдвэрлүүлэхээр талуудыг арбитрт буцаан оролцуулахыг даалгах хүсэлтийг энэ Шүүхэд гаргасан. Монгол Улс арбитрчдын үндэслэлд хүндэтгэлтэй хандаж, тэдний шийдвэрийг баталгаажуулах эсрэг хүсэлт гаргажээ.
Хятадын компаниуд энэ арбитрыг өөрсдөө эхлүүлж, арбитрын бүрэлдэхүүн харьяалалтай гэж идэвхтэй марган, долоон жил үргэлжилсэн арбитрын ажиллагаанд эрчимтэй оролцсон тул маргааныг арбитраар шийдвэрлэж болох эсэхийг арбитрчид шийдвэрлэх эрхтэйд одоо татгалзал гаргах эрхээсээ татгалзсанд тооцогдоно. Иймд талууд маргааныг арбитраар шийдвэрлэж болох эсэх асуудлыг арбитрын бүрэлдэхүүнд шилжүүлэхээр тодорхой бөгөөд эргэлзээгүй тохиролцсон гэж Шүүх үзэж, арбитрын шийдвэрт хүндэтгэлтэй хандах хязгаарлагдмал хяналт хийсний үндсэн дээр уг шийдвэрийг баталгаажуулж байна. Монгол Улсын хүсэлтийг ХАНГАВ. Хятадын компаниудын хүсэлтийг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ.
I. ҮНДЭСЛЭЛ БОЛСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ
1991 онд Хятад, Монголын Засгийн газрууд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтыг